Маш их зориг гарган өөрчилмөөр байдаг хэдэн зүйр үгсийнхээ талаар бичлээ. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйг” санаж, уужуу ухаанаар уншиж болгооно уу.
Эр хүний жаргал эзгүй хээр
Хүйс хамаарахгүйгээр хүн бид байгалийн амьтан гэдэг утгаараа бүгд л эзгүй хээр гараад жаргадаг даа. Энэ жил Тост, Тосон Бумбын нуруунд зэрлэг амьтан дурандаж суухдаа бодож суусан юм. Учир нь би үнэхээр тэр мөчид жаргаж байсан. Ер нь л байгальд байхдаа жаргадаг хүн л дээ. Иймд “Хүний жаргал эзгүй хээр” болгож өөрчилмөөр байдаг даа.
Эр хүний замын хүзүү урт
Бас л “Хүний замын хүзүү урт” шүү дээ. Одоо цаг үед дээр үеийнх шиг эмэгтэйчүүд гэрээ сахиж үлдээд, эрчүүд нь холын аян зам, дайнд мордож явдаг цаг үе өнгөрсөн. Яс ярьвал би ч хүртэл зарим эрчүүдтэй харьцуулахад их зам туулж, олон хүнтэй танилцаж, заримтай нь эргэж тааралдсан байх шүү.
Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн
Эрдэмтэй хүн даруу байхаа больж, бусдад заадаг, хэлдэг, ойлгуулдаг болохгүй бол энэ тэнэглэл бүүр гаарч гүйцлээ. Жишээ нь цаг урагшлуулах үгүй дээр маргаан боллоо. Зорилго нь байгалийн гэрлийг ашиглаж эрчим хүч хэмнэх шүү дээ. Барилга байгууламж, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гэх мэт гадаа ажил нь явагддаг салбаруудад маш хэрэгтэй. Гэтэл ямар ч хэрэггүй оффисст суудаг нөхдүүд, эсвэл хотод байдаг, цаг нар хэд болж байх нь хамаагүй нөхдүүд мэтгэлцэж, шийдвэрт нөлөөлж цаг урагшлуулахыг зогсоочихсон юм. Нийтээрээ ийм энгийн юм мэддэггүй мөртлөө нэг царайлаг инфлүнсэр нөхрийн гурван үеийг ярихтайгаа байна шүү дээ. Бид их өнгөц мэдлэгтэйгээс гадна өөрийн эрх ашгийг нэн түрүүнд бодно, юм юманд хошуу дүрэх гэж их үзнэ. Иймд салбар салбарын эрдэмтэн хүмүүс хувь хувьдаа соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийгээсэй л гэж хүсдэг юм. Энэ үгэнд хүлэгдээд эрдэмтэд маань дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг, хэлсэн ч хэлээгүй ч ялгаагүй гээд хойш суудаг, олны хэл амаас айгаад арьсаа хамгаалж л үлдэх маягтай болчихдог юм биш байгаа даа гэж санаа зовнидог л юм.
Уйлах хүүхдийн хошного
Урд өдрөө умалзана
Яг сайхан элгээ тэврээд татаж унатлаа инээж байх мөчид энэ үг толгойд ороод ирэхээр бүр нэг уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг амьдрал гэнэт утгагүй санагдаад инээдэм маань ханиад болоод утгагүй болчихдог тийм ээ кк. Бид одоо тийм нэгнийхээ аз жаргалтай байгааг харж чаддаггүй юмуу. Бага байхын л инээж хөхрөөд ирэхээр тэнд нэг настайвтар хүн заавал ийм үг хэлж таардаг тэ кк. Үг ийм хүчтэй шд.
Хайр нь дотроо хал нь гаднаа
Хайрыг гаднаа ч дотроо ч гаргах хэрэгтэй санагддаг даа. Хайрлаж байгаа нь энэ гээд зөвхөн нялуурах биш шүү дээ. Зөөлөн байх, ойлгуулдаг байх, халамжилдаг байх, дэмждэг байх, хэлдэг байх. Ер нь нялуурсан ч яадаг юм бэ. Бидний хайраа илэрхийлэхдээ учраа олдоггүй, биеэ нөөж хаадаг, их өвөрмөц сонин үйлдлээс болж бөөн траума, дутуугийн комлекстой болсон, ярьсан нөхдүүдээр дүүрчихжээ, манай улс. Үүнд энэ зүйр үг бүр нэг хүч нэмээд хайраа илэрхийлж чаддаггүй, хүнийг хайрлаж мэддэггүй хачин сонин зан ааш суулгаж байгаа юм шиг санагддаг даа.
Нар дагавал даардаггүй
Ноён дагавал өлсдөггүй
Энийг би одоогийн цүнх баригч гэгддэг нөхдүүдийн уриа зүйр цэцэн үг байх гэж боддог оо. Яахав ууг нь даргадаа үнэнч байгаад, дагаад явах нь үр өгөөж ихтэй гэдэг далд санаа байгаа ч дагавал зохих, зохихгүй дарга гэж байна шүү дээ. Би л хувьдаа нэг олиггүй ноёнг дагаснаас өлсөж үхсэн нь дээр гэдэг жанжин шугамтай учир над бол ёстой буудаггүй зүйр үг дээ.
Оргүйгээс охинтой нь дээр
Энэ ямар ч далд, гүн утга өөр утга агуулж байж магадгүй ч сонсоход л шууд дургүй хүрэхээр зүйр үг дээ. “Better than nothing” гээд Англи хэл дээр байдаг шд. Энэ шиг яагаад байж болохгүй гэж. Оргүйгээс ортой нь дээр ч юм уу, оргүйгээс юмтай нь дээр ч юмуу. Зүгээр оргүйгээс дээр ч юмуу.
За их л зоригтойгоор зүйр үгийг зоргоороо шүүмжилчихлээ. Аялгуу сайхан Монгол хэлэнд маань чиг шугамтай маань нийцдэг олон сайхан зүйр үг байдаг шүү. Зах зухаас нь хуваалцаж бичвэрээ жаргаая даа.
- Муу нуухаар сайн илчил
- Нэр хугарахаар яс хугар
- Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
- Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй
- Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж
Хүлгийнхээ хэрээр уралд - Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй
Цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй - Санасаар суугаад саарал
Бодсоор суугаад буурал - Аяганы хариу өдөртөө
Агтын хариу жилдээ - Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй - Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ - Санаж явбал болдог
Сажилж явбал хүрдэг - Амны бэлгээр ашдын жаргал.